Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан 60-аад мэргэжилтэн хамрагдаж байна. Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Солонго, аймгийн ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХЭЗХ-ийн дарга Б.Мөнхбат нар оролцлоо.
Сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол шинэчлэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Цаашид аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХэлтсээс мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр онцлов. Сургалтыг зохион байгуулахдаа онолоос илүү практик, дадлага туршлага хуримтлуулахад анхаарч байгаагаа хэллээ.
Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Солонго: “Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тоот тогтоолд хариуцлагын асуудал нэмэгдсэн нь давуу талтай. Өөрөөр хэлбэл тухайн ажил хариуцсан хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, алдаа дутагдал гаргахгүй байх, төрийн ажил түргэн шуурхай иргэдэд хүрэхэд ахиц гарна. Иймээс сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан мэргэжилтэн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, өөрийгөө тогтмол чадавхижуулах шаардлагатай” гэдгийг онцлон дурьдлаа.