Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймгийн иргэдтэй уулзлаа.



Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр, хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна.Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, саналыг нь харгалзан аливаа асуудал, хүсэлт бүрийг шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан.
Бидэнд алдаа гаргах эрх байхгүй.
Өнөөдрийн Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч бид ирээдүйдээ итгэлтэй, зоримог ажиллаж байна. Улс төрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг. Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй. Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон. Концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулж байна. Заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй, Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан. Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарч байгаа валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.



 
Халамжлах ёстой хүмүүсээ л халамжилна.
Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн, цаашдаа улирал сар болгон өгөх бодолтой байна. Мөн тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах, үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж байна. Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөрөө оюутны зээлээр төлдөг болсон.

Эдийн засгаа сэргээх нэг гарц бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Өнгөрсөн 7 сарын хугацаанд олон ажил хийж нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл бензиний шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар ч байсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд монголчууд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн.ВВ Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол Улс төр, хувийн хэвшил гэлтгүй нүүрсний бодлогоо нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Одоо бид нүүрсээ уурхайн аман дээрээс 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарын дэмжлэг туслалцааг итгэлийг олж авах ёстой. Үүний тулд төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж сахилга баттай байж бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Тийм учраас ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй. Малаа маллах ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой гэлээ. Ерөнхий сайдын Мэдээллийн дараа Ховд аймгийн иргэд Ерөнхий сайдаас сонирхсон асуултандаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ