Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар оролцов.
20 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн БТСГ-ын түүхт 70 жилийн ойг угтан явагдаж байгаагаараа онцлог болж байна.
Тэмцээнд аймгийн 17 сум, Жаргалант сумын 7 сургуулийн 8-17 насны 600 гаруй тамирчид 277 багц медалийн төлөө Жүдо, Самбо, Чөлөөт бөхийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди багш, дасгалжуулагч, тамирчдад хандан хэлсэн үгэндээ 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа спортын энэ төрлөөс нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан спортын олон алдартнууд төрөн гарсан нь Ховдчуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бахархам амжилт болохыг дурьдлаа.
Тухайлбал: Өнгөрсөн 2016 онд Дэлхийн аваргаас н.Туул мөнгөн медаль, Азийн хүүхдийн их наадмаас н.Саруул Алтан медаль, Жүдогийн өсвөрийн улсын уралдаанаас Туул Саруул, Анужин нар алтан медаль хүртсэн зэрэг олон амжилтыг гаргасан. Спортын алдартнуудыг төрүүлэн гаргаж буй энэхүү дэвжээнээс МУ-нхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан тамирчид төрөн гарахыг үгүйсгэх аргагүй билээ. Иймээс спортыг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Аваргууд хөтөлбөр” тусгагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн олон ажил байгааг энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга онцолж байлаа. 2017 оны өсвөрийн Жүдо, Самбо, Чөлөөт бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2-р сарын 2 ны өдөр өндөрлөж дүнгээ гаргана.