"Ховдын түүчээ" ТББ-аас санаачлан “Сайн үйлс дэлгэрэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлж аяныхаа хүрээнд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.


УБ хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх "Ховдын түүчээ" оюутан залуучуудын холбооноос санаачлан зорилтот бүлгийн хүмүүст  туслах үүднээс  “Сайн үйлс дэлгэрэг” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байна. Тус  аяндаа оюутан залуучуудыг татан оролцуулах үүднээс аяны хүрээнд гар бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн БТСГ, аймгийн волейболын холбоотой хамтран зохион байгууллаа.  “Ховдын түүчээ” оюутан залуучуудын холбоо нь энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 10 жилйин ойтой  золгож байна. Энэ ч утгаараа ойгоо угтсан олон ажил төлөвлөж байгаа бөгөөд “Сайн үйлс дэлгэрэг” аяны  хүрээнд зохион байгуулсан энэхүү тэмцээн нь анхны ажил нь болж байна. Ховд аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч цас зудтай байгаа нутгийн малчдад туслах, мөн аймгийн эмзэг бүлэгт хамаарах асрамжийн газарт амьдарч буй ахмадуудад дэмжлэг үзүүлэх, тэмцээнээр дамжуулан  залуучуудыг аяндаа татан оролцуулах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулжээ. Хамгийн гол нь тэмцээнээс олсон орлогын тодорхой хувийг "Сайн үйлс дэлгэрэг" аянд зориулах юм байна.  Энэ сарын 21-22 ны хооронд 2 өдөр үргэлжилсэн  гар бөмбөгийн тэмцээнд 20 гаруй багийн 200 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдлөө. Тэмцээний  эмэгтэйчүүдийн ангилалын 1-р байранд Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуулийн баг тамирчид, 2-р байранд Ховд Хөгжил Политехник коллежийн баг тамирчид, 3-р байранд БОЭТ-ийн баг тамирчид шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд 1-р байранд Үенч сумын баг тамирчид, 2-р байранд Ховд Олон Улсын Нисэх Буудлын баг тамирчид, 3-р байранд Цаст –алтай цогцолбор сургуулийн баг тамирчид шалгарчээ. Мөн энэхүү тэмцээний үеэр шилдэг тоглогчдыг шалгаруулж шагнаж урамшуулсан юм .  Тус тэмцээнийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, "Баялаг Буянт" ХХК-ны захирал Т.Жаргалсайхан, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Монгол банкны Ховд дахь салбарын захирал Б.Бат-Эрдэнэ нар үзэж сонирхон тэмцээний эхний 3 байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ