Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Биеийн тамир спортын газар, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 2017 оны Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн” 01 дүгээр сарын 06-08 ны өдрүүдэд аймгийн Спорт цогцолборт болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир спортын газрын Бодлого төлөвлөлтийн албаны дарга Ч.Сүхбаатар, Биеийн тамир спортын газрын дасгалжуулалтын албаны дарга, ахлах дасгалжуулагч Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэл, нар оролцож тамирчиддаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 2017 оны Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 7 баг нийт 31 багийн 300 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 3 өдөр үргэлжилсэн тус тэмцээний дүн гарахад Эрэгтэй 24 багаас Ардчилсан залуучуудын холбооны баг тамирчид 1-р байранд, "Цэцэг" төвийн баг тамирчид 2-р байранд, "Дарви өргөө" -ийн баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан бол эмэгтэй багаас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны баг тамирчид 1-р байранд, Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн баг тамирчид 2-р байранд, "Цэцэг" төвийн баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан байна. Мөн шилдэг тамирчдыг шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл шилдэг эрэгтэй тамирчнаар "Цэцэг" төвийн тамирчин н.Батболд, шилдэг эмэгтэй тамирчнаар 12 жилийн 6-р сургуулийн тамирчин н.Солонго нар шалгарчээ. 2017 оны Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ээр Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах спортын тэмцээн эхэлж байна. Түүхт 70 жилийн ойгоо угтаж Биеийн тамир спортын газрын хамт олон олон ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд ойгоо ирэх 9-р сард тэмдэглэн өнгөрүүлэх юм.