Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан хуралдаж, “Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталлаа. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Ховд аймгийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд аймгийн хөгжлийн стратеги /2015-2025 он/ зэрэг бодлогын баримт бичгүүдийн хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, ард иргэд, олон нийтийн саналыг авч тусган боловсруулсан байна. Уг хөтөлбөрийг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага, зах зээлийн судалгаанд тулгуурлан 4 бүлэг, 22 дэд бүлэг, 112 зорилттой боловсруулан Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар хэлэцүүлэн баталлаа. Аймгийн ИТХ дахь цөөнх болсон Ардчилсан намын бүлгээс Аймгийн Засаг дарга ажлаа хүлээж авсанаас хойш үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хамгийн олон хоногийн дараа буюу ажлын 123 дахь хоног дээрээ батлуулж байна хэмээн шүүмжилж байсан ч мөрийн хөтөлбөрт саналаа тусгаж бүхэлд нь дэмжсэн юм. Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн саналыг авч дэмжигдсэн болохоор одоо аймгийн Засаг даргад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.