Одоогоос 92 жилийн тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-нд БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Тйимээс монголын түүхэнд тодоор үлдсэн энэхүү түүхт өдрийн 92 жилийн ойг тохиолдуулан аймаг орон нутгаас олон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь Анхдугаар үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойн баярын хурал хүндэтгэлийн концерт юм. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Баярын хурлыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр эх орныхоо тусгаар тогтнол үнэт зүйлд бодит хувь нэмрээ оруулан улс орон, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад буурлууд болон салбар салбартаа амжилт гарган ажиллаж буй үе үеийн шилдэг тэргүүний хүмүүсийг шагнаж урамшууллаа. Тухайлбал: МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, БХБЯ-ны барилгын тэргүүний ажилтан цол тэмдэг, барилгын хүндэт жуух бичиг, Ховд аймгийн хүндэт тэмдэг, Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөл, болон Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН-ын дээд шагнал тусгаар тогтнолын одон, тэргүүний ажилтан цол тэмдэг, ахмад зүтгэлтэн цол тэмдэг, МАН-ын эх орны төлөө хүндэт тэмдэгээр нэр бүхий хүмүүсийг шагнасан байна.
Энэхүү түүхт өдрийг ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа нь нэг талаар Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхний түүхэн гавьяаг дурсан тэмдэглэж, залуу хойч үеийнхэндээ сурталчилж буй хэрэг юм.