Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр, намрын улирлын хаалт, өвлийн улирлын нээлтэнд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 10 дугаар сарын 30-нд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо. Бөхийн барилдааны нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирлагууд оролцож баярын мэндчилгэ дэвшүүлж, бөхийн барилдааныг үзэж сонирхлоо. Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн БТСГ-ын бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 0123-р ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Буянт сумын харъяат, “Баян конс” ХХК-ий бөх, аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Мянгад сумын харъяат, сумын заан Н.Төмөрхүү үзүүрлэлээ.
Тус барилдааны их шөвөгт аймгийн БТСГ-ын бөх, сумын заан Э.Уламбаяр шалгаран үлдлээ.
Энэхүү барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох Ахлах гарын даа Б.Шоовдой, гарын даа С.Загдсүрэн, Г.Нямандэлэг, Бөхийн тайлбарлагч Авирмэд, зураглаач Адилбиш, хөлийн цэц аймгийн арслан Б.Батмөнх, цолчин засуул Ихбаяр, Золзая, засуул Баатархүү, Побед нар ажиллаж амжилттай зохион байгуулсан байна.