
Аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудлын нэг нь Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай юм.
Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл холбогдох мэдээллийг танилцуулав. Үүнтэй холбогдуулан төлөөлөгчид, хуралд урилгаар оролцогчид асуулт асууж саналаа илэрхийллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймагт 34 аж ахуйн нэгж мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн малын эмч, боловсон хүчний хувьд дутагдалтай. 2015 онд баталсан үнэ тарифыг мөрдөж байгаа. Энэ нь малчдад хүрч очих, үйлчилгээ үзүүлэхэд өнөөгийн зах зээлд хүндрэлтэй. Тиймээс дээрх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох талаар 5000 гаруй малчдаас санал авсан. Мөн малын эмч нарын саналыг тусгасан гэдгийг Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Төлөөлөгчдийн саналыг тусган Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай асуудлыг холбогдох хуулийн дагуу баталлаа.

Жишээлбэл, Мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээ буюу булчин, арьсан доорх тариаг нэг бод малд 400 төгрөгөөр тооцож байсан бол 800, бог мал 300 төгрөг байсан бол 350 төгрөг болгож нэмэгдүүлэхээр боллоо.


