Аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2025.01.17/ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан тэргүүтэй Хүүхдийн сангийн хамтарсан багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ирэх жилүүдэд аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар Засаг дарга мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, ус, ариун цэвэр, агаарын бохирдол болон нийгмийн хамгаалал гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ удаагийн албан томилолт нь 2025-2026 оны хамтын ажиллагааны талаар ярилцаж, хийх ажлын төлөвлөгөөндөө тусгах санал авах зорилготой хэмээн танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангаас:
Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах ажлыг үргэлжлүүлэх, Хоол тэжээлийн дутагдлыг эмчлэх, шаардлагатай бэлдмэл, материалуудын дэмжлэгийг алслагдсан сум багийн хүүхдүүдэд олгоход хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн алслагдсан сум багийн малчин өрхүүдэд боловсролын үйлчилгээ хүргэх зорилго бүхий “Таблеттай багш” хөтөлбөр, сурагчдын цахим боловсролыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Нэг баг, Нэг сургууль” санаачилгыг тус тус орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцоллоо.
Энэ удаагийн 2 талын албан уулзалтын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс тавьсан санал, хүсэлтийг 2025-2026 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллахад анхаарна гэдгээ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан илэрхийлэв.
Орон нутгийн зүгээс:
-ЗӨСТ-ийн дээврийн засварын ажил
-Сумдын хог хаягдал түр хадгалах цэг, автоклав байрлуулах байр, ариун цэвэр, бохирын нэгдсэн загвар байгууламжтай болох -Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Үенч, Ховд суманд ундны усны худаг гаргуулах
-Бага ангийн сурагчдын шимт тэжээлийн дэмжлэг "СҮҮ" хөтөлбөрийн санхүүжилтэд тусалцаа үзүүлж хамтран ажиллахыг уламжлав.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийг ирэх 2-р сарын дунд үе гэхэд эцэслэж, гарын үсэг зурна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.