Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр Дуут суманд ажиллав. Энэ үеэр тус сумын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сумын Эрүүл мэндийн төвийн хувьд:
Хоёр баг эмчгүй, их эмч нар нь хавсран ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гэсэн хэдий ч алслагдсан багийн иргэдэд хүрч ажиллахад хүндрэл үүсэж байгааг онцолж байв.
Мөн цусны шинжилгээ хийх аппарат нь эвдэрсэн, засварлах боломжгүй. Иргэд, үйлчлүүлэгчид цусны шинжилгээ өгөхийн тулд зайлшгүй аймгийн төв рүү явах шаардлага үүсэж байгаа учраас Эрүүл мэндийн газар, аймаг, сумын удирдлагууд зөвшилцсөний үр дүнд сумын Засаг дарга Д.Батсүх орон нутагтаа шийдвэрлэхээр болов.
Сургуулийн хувьд:
Оны өмнөхөн “Сурагчдын дотуур байр” ашиглалтад хүлээж авсан. Шаардлагатай тоног төхөөрөмж, хатуу болон зөөлөн эдлэлийг нийлүүлсэн ч нэмэлтээр гал тогооны зарим хэрэгсэл, хоолны заалны ширээ сандал шийдвэрлэх шаардлага байгааг танилцууллаа.
Харин цэцэрлэгийн хувьд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор гурван бүлэгт 70 орчим хүүхэд хамрагдаж байгаа. Эцэг эхчүүд “Яслийн анги” нээж ажиллуулах хүсэлт тавьсан. Хэрэв 10-15 хүүхэдтэй яслийн анги нээвэл хоёр орон тоо нэмэгдэнэ. Тиймээс цалингийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Салбарын асуудал хариуцсан даргын хувьд Л.Энхбаяр:
Эрүүл мэнд, боловсролын байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлын талаар удирдлагуудтай нь ийнхүү санал солилцож улмаар шийдвэрлэх ямар боломж байгааг судалж хамтран ажиллахаар боллоо.