Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр /2025.01.15/ Мөнххайрхан суманд ажиллав.
Энэ үеэр тус сумын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Улмаар тухайн байгууллагын өмнө тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар удирдлагуудтай нь санал солилцож анхаарч ажиллахаар боллоо.
Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн хувьд:
29 орон тоотой. 2000 гаруй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Шүдний кабинет” тохижуулж, эмч, мэргэжилтнүүдээ сурган ажилласан нь хийж хэрэгжүүлсэн дэвшилттэй ажлын нэг болсон. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил хэвийн байгаа ч Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх хэсгийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг эрхлэгч эмч Д.Энхбулган танилцуулав.
1975 онд ашиглалтад орсон тус барилгыг өнгөрсөн хугацаанд тодруулбал, 1994, 1998, 2008, 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварласан. Гэвч олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан учир дахин их засвар хийх боломжгүй. Энэ талаар шат шатны удирдлагуудад танилцуулсан учраас салбарын асуудал хариуцсан орлогч даргын хувьд анхаарч ажиллахыг хүслээ.
Хүүхдийн цэцэрлэгийн хувьд их засвар хийхгүй бол хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих эрх зөрчигдөж болзошгүй байгааг танилцууллаа.
Харин сургуулийн хувьд энэ онд сургуулийн шинэ барилга ашиглалтад хүлээж авна. Гэхдээ
“Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд гал тогоо болон хоолны заал, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа. Өөрсдийн нөөц боломжоо ашиглаад шийдвэрлэх боломжгүй байгааг дуулгаж байв.
Л.Энхбаяр:
Салбар хариуцсан орлогч даргын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ямар боломж байгааг судалж хаа хаанаа хууль, журмын дагуу шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн холбогдох газарт нь уламжилж хамтран ажиллахаар боллоо.
Мөнххайрхан сумын хувьд томуу, томуу төст өвчлөл харьцангуй бага байна.