Батлан хамгаалах бодлого, зорилт болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо төлөө бүлээн цус, халуун амиа харамгүй зориулсан ахмад дайчид тэдний үйл хэргийг сурталчлан таниулах зорилгоор
“Эх оронч залуу-2024” сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Тус арга хэмжээг Ховд аймаг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, ЗДТГ-ын Цэргийн штаб, Залуучуудын зөвлөл, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хөгжимт драмын театрын хамт олон чиг үүрэг бүхий мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн оролцож үг хэллээ.
Энэ үеэр 1947-1949 оны байтагийн тулгаралтад өөрийн биеэр оролцож, эх орон, газар нутгаа халуун амь бүлээн цусаараа хамгаалан тэмцэж явсан баатарлаг гавьяа байгуулсан ахмад дайчин Б.Шилэг гуайд хүндэтгэл үзүүллээ.
Нас сүүдэр өдгөө 100 дөхөж яваа энэ буурал залуу хойч үедээ эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөг ямар үнээр ахмадууд хамгаалж ирснийг байнга ярьж зөвлөж, сургааль хайрлаж байдаг ахмадуудын нэг юм.
“Эх оронч залуу-2024” арга хэмжээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБ-ын болон их дээд сургуулийн оюутан, сурагчид, залуучуудын төлөөлөл оролцлоо.
Оролцогчдод Монгол Цэргийн нэгдсэн холбооны Ховд аймаг дахь салбарын тэргүүн бэлтгэл хурандаа А.Эрдэнэчулуун болон албаны бусад төлөөлөл “Эх оронч үзэл-эх орноороо бахархах сэтгэл”-ийн талаар мэдээлэл өглөө. Мөн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажил, байлдааны сургалтын зэвсэг, техник бусад тоног төхөөрөмжийг танилцуулав.