Өнөөдөр /2024.05.22/ орон даяар нэгэн зэрэг явагдсан Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар болон дэд комиссын 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт хууль журмын дагуу амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэ удаагийн шалгалтад оролцохоор Ховд аймгийн хэмжээнд 113 иргэн бүртгүүлсэн. Шалгалт хуваарийн дагуу таван ээлжээр явагдаж бүртгүүлсэн иргэдийн 86 нь шалгалтад орсон юм. Үүнээс 37.2 хувь буюу 32 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.
Нийт шалгуулагчдаас хамгийн өндөр оноог /96 оноо/ иргэн Б.Ганзул авсан бөгөөд өндөр оноо авсан 5 шалгуулагчдад Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, салбар комиссын дарга Б.Баярсүх нар баяр хүргэн амжилт хүсэж, оюуны хөрөнгө оруулалт болгож, номын дээжээс бэлэглэв.
Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын шалгалтад оролцогчдоос аймгийн хэмжээнд анх удаагаа хамгийн олон иргэн тэнцсэн шалгалт болсоноороо онцлог байлаа.
Шалгалтын явцад техник, технологи, сүлжээний ямар нэгэн алдаа доголдол дүрэм журам зөрчсөн асуудал гараагүй гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ.