Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны хоёрдугаар ээлжийн шалгалт өнөөдөр /2024.05.22/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын нээлтийн ажиллагааг цахимаар хийсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төв комиссын дарга Д.Баатарсайхан нээж хэлсэн үгэндээ төрийн албаны ерөнхий шалгалт бол төрийн албаны хүний нөөцийн сул орон тоог нөхөх зорилготой. Энэ ерөнхий шалгалтад тэнцэхгүйгээр дараагийн тусгай шалгалтад орох боломжгүй. Тиймээс маш хариуцлагатай шат гэдгийг онцлоод шалгалтын явцад өөрөөс шалтгаалах зөрчил гаргахгүй байхыг анхааруулж, оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн шалгалтад Ховд аймгийн хэмжээнд 113 иргэн оролцохоор бүртгүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар болон дэд комиссоос шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд энэ өдөр 5 ээлжээр авахаар
/- 1 дүгээр ээлж: 7:30
- 2 дугаар ээлж: 9:30
- 3 дугаар ээлж: 12:00
- 4 дүгээр ээлж: 14:00 цагаас тус тус 23 шалгуулагч,
- 5 дугаар ээлж: 16:00 цагаас 21 шалгуулагч/ зохион байгуулан ажиллаж байна.
Шалгалтын агуулга Ерөнхий мэдлэгийн /хууль, эрхзүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, цахим орчин, компьютерын хэрэглээний программ/, Монгол хэл, бичгийн чадвар, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн хэсгээс бүрдэнэ.