Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор 35 дахь удаагийн
“Номын баяр”-ыг аймгийн хэмжээнд энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Номын баярт оролцох иргэд олон нийт, хүүхэд багачуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцлов. Тодруулбал, өмнөх жилтэй харьцуулахад уншигчдын тоо 43.1 хувиар, номын баярт оролцогчдын тоо 2 дахин нэмэгджээ.
Аймгийн Соёл урлагийн газар, Төв номын сан хамтран зохион байгуулсан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” үйл ажиллагаанд төрийн байгууллагууд, ЕБС, СӨБ-ын байгууллагын багш ажилчид болон сурагч багачуул үндэсний хувцсаараа гангарч ном уншлагыг дэмжих, номтой нөхөрлөх, үндэсний бичиг үсэг, соёлын өвөө дээдэлж түгээн дэлгэрүүлэх уриалгыг гарган олон нийтэд хүргэж оролцлоо.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээний хүрээнд шинэ, сонирхолтой, сэдэвчилсэн, номын үзэсгэлэн, ховор болон хуучин номын худалдаа, ном бэлэглэх үйл ажиллагаа, Монголчуудын бичгийн соёл, ном бүтээлийн үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэв.
Мөн ном эрдмийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг үсгийн гайхамшгийг сурталчлах, олон угсаатны соёлын өвийг сурталчлан таниулах боловсролын хөтөлбөрүүд, соёл олон нийтийн ажлуудыг өрнүүлжээ.