Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг шинэ хуулийн хүрээнд томсгосон тойрогт холимог тогтолцоогоор зохион байгуулна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгох юм.Ингэхдээ сонгуулийн 13 тойрог /21 аймгийг 7 тойрог, нийслэлийн 9 дүүргийг 6 тойрог/ 78 мандаттай байхаар баталсан.
2-р тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг 10 мандаттай. Тус тойргийн төв сонгуулийн хороо нь Ховд аймагт байрлаж байна. Иймээс Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, сумын сонгуулийн хорооны дарга, гишүүдийг чадавхжуулах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос сургалт зохион байгуулав. Сургалтыг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвлөх ажилтан н.Оюумаа, мэргэжилтэн Г.Ариунболд нар удирдан явуулав.
Сургалтад Ховд аймгийн 17 сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, Жаргалант сумын 13 хэсгийн хорооны дарга, мэдээлэл технологийн багийн дарга, гишүүдийн төлөөлөл 60 орчим хүн хамрагдан мэдээлэл авлаа. Мөн үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.