“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.05.01/ аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар Булган сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонсов.
Мөн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа:
-Иргэн бүрд 0,07 га газар олгох,
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох,
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа.
Булган сум нийт 10000 гаруй хүн амтай. Одоогоор нийт хүн амын 25.0 орчим хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ.
Харин сумын хэмжээнд 6820 иргэн тоон гарын үсэг олгохоос2370 буюу 33.0 хувь нь хамрагдсан мэдээтэй байна.
Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.
Уулзалтад оролцсон Булган сумын зарим иргэд:
-Шатахууны үнийн өсөлтийг бууруулах, бараа, таваарын үнийн хөөрөгдөлд хяналт тавих,
-Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахдаа хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлд анхаарах, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог тогтмолжуулах, гүний худаг ус гаргах,
-Иргэдэд 0.07 га газар олгохтой холбогдуулан сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,
-Булган сумын иргэд “ЦАГААН ХУУДАС”- аар хил зорчих боломжтой. Гэвч өөрсдийн унаа, машинаар зорчих эрх нь хязгаартай байгаа нь чирэгдэл учруулж байгаа зэрэг асуудлыг хөндөн аль болох шийдвэрлэж ажиллах саналыг гаргалаа.
Иргэдийн санал, асуултад Засаг дарга Э.Болормаа:
-Иргэдийн олонхын саналыг авсан зарим ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Мөн хил, боомтын асуудалд анхаарахгүй биш судалж байгаа. Гэхдээ хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.
Булган сум хамгийн олон хүн амтай. Төвөөс алслагдсан учир төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг цаашид нэг өдрөөр биш хамгийн багадаа хоёр өдрийн хугацаатай зохион байгуулахаа илэрхийлэв.