“Mon Kids” хүүхдийн шүдний эмнэлэг нь 2021 онд Жаргалант суманд байгуулагдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Тэгвэл алслагдсан бүс нутгийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг олон улсын стандарт түвшинд ойртуулж, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Булган суманд
“МОН КИДС ГЭР БҮЛИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ” нэртэйгээр салбараа нээлээ.
Тус эмнэлэг нь нарийн мэргэжлийн, туршлагатай эмч нартай, хүүхдэд зориулсан хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий тоног төхөөрөмж суурилуулж иргэдийн хэрэгцээнд ойр, хямд, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа Булган суманд ажиллах үеэрээ тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Тэр бээр, Хүн эрүүл байхын хамгийн чухал асуудал бол амны хөндийн эрүүл мэнд. Орон нутагт ажлын байр бий болгохын зэрэгцээ ялангуяа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эмчилж эрүүлжүүлэх зорилготой ажиллаж буй эмнэлгийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
“МОН КИДС ГЭР БҮЛИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ”-ээр зөвхөн Булган сум төдийгүй зэргэлдээх Алтай, Үенч сумын иргэд, хүүхэд багачууд үйлчлүүлэх боломж бүрдэж байна.