Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулдаг. 2022 оны шилдгээр “Монгол хөөмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч Дашдоржийн Цэрэндаваа шалгарсан байна. Цэрэндаваа гуайн шагналыг Соёлын сайд Ч.Номин, аймгийн Засаг дарга Э.Болормаа нарын албаны төлөөлөл нутагт нь очиж гардуулан баяр хүргэлээ.
Д.Цэрэндаваа гуай хүүхэд байхдаа
“ХҮН ХӨГЖИМ” гэгдэх хөөмийг сурчээ. Улмаар 24 наснаасаа эхлэн Монгол хөөмийг хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа сурталчлах үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулсан байна. Түүнээс хойш дөрвөн тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 1000 орчим шавь сургаж, гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн найман баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм.
Олон угсаатны өлгий Ховд нутагт үеэс үед өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн баялаг соёлын өв, түүх цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь хөөмий бөгөөд хөгжмийн зэмсэг ашиглалгүй хүнээс гайхамшигтай эгшиг гаргадгаараа өвөрмөц онцлогтой. Энэ гайхамшигтай соёлын өв Чандмань сумаас гаралтай. Нутгийн сүрлэг уулс, байгалийн тогтоц ч үүнд нөлөөлдөг гэдгийг тэрээр хэлж байна. Мөн надад хөөмий заасан багш бол миний аав, нутгийн буурлуу хэмээн хуучиллаа.
Өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нар шалгарч байжээ.