Мэргэжлийн байгууллагаас Ховд аймагт хийсэн
“ГАНГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ” маш өндөр гарчээ. Өөрөөр хэлбэл, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.09.20/ Онцгой байдлын Ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас
“ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа.
Хуралд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Э.Болормаа онцгой комиссын болон өвөлжилтийн бэлтгэлийг ханган байнгын ажиллагаатай “ШУУРХАЙ ШТАБ”-ын гишүүдийн хамтаар оролцов. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллээ танилцуулж санал солилцлоо.
Мэдээллийг сонсоод Онцгой байдлын Ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаны төлөөлөл хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах зөвлөмжийг өглөө.
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас харьцангуй хүйтрэх төлөвтэй. Тиймээс аль болох мал, махаа худалдан борлуулах,
-Малчдын болон орон нутгийн хэрэгцээнд бэлтгэсэн өвс хадлан хангалттай хүрэлцэхгүй учраас тэжээл бэлтгэх, татан нөөцлөх,
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, вакцинжуулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэх,
-Отрын бүс нутгаа тодорхойлох, отроор өвөлжих мал, малчдын судалгааг гаргах, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар төлөвлөх
-Ковид-19 болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
-Хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж тусламж дэмжлэгийг зорилтот бүлэг, иргэнд шударгаар зөв хуваарилах
-Малчдыг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах зэрэгт анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа: Нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж эрсдэлийг аль болох хохирол багатай даван туулахаар бэлтгэлээ хангаж байгаа. Өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг ажил хэрэг болгож ажиллана гэлээ.
Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр: 2022-2023 онд Ховд аймагт хонин толгойд шилжүүлснээр 3,9 толгой мал өвөлжинө гэж урьдчилан тооцоолж байна. Одоогоор ХАА-н өвөлжилтийн бэлтгэл 60 орчим хувьтай. 10 дугаар сарын 15 гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.