Мөст сум 240 мянга орчим мал вакцинжуулахаас 80 хувьтай явагдаж байна



Өнөөдөр /2021.09.11/ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Мөст суманд ажиллав. Энэ үеэрээ тус сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж хүн, малын халдварт өвчний тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэлээлэл сонслоо. 



Сумын Онцгой комиссоос өгсөн мэдээллээр 500 гаруй сурагчтай сургууль нь 7-оос дээш ангийн сурагчдыг журмын дагуу танхимаар хичээллүүлэх бэлтгэлээ хангажээ. Мөн сургуулийн гал тогоонд засвар хийж "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангасан байна. 

Мөст сум 3000 гаруй хүн амтай. Үүний 2800 орчим нь тухайн сумандаа оршин суудаг. Өнөөдрийн байдлаар 250 гаруй хүн коронавируст халдвар авсанаас 135 нь эдгэрсэн. Одоо 70 гаруй хүн гэрээр, 14 хүн "Тусгаарлах эмнэлэг"-т /Соёлын төв/хэвтэн эмчлүүлж байна.

Малын гоц халдварт Шүлхий өвчний 2 голомтод 1000 гаруй сарлаг 2000 гаруй хонь өвчилж 12 тооны мал хорогдсон байна. Нийт 240 гаруй мянган мал вакцинжуулахаас 80 гаруй хувьтай байна. Устгалын 4 цэг байгуулж устгах, халдваргүйжүүлэх ажлыг журмын дагуу хийж байна гэлээ. 

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх 2 станц шатахуун дууссан учир Улсын нөөцөөс зээлээр авч ажиллаж байгаа учраас өр үүсэх хүндрэл үүсч байгааг уламжиллаа. 



Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав нөхцөл байдалтай холбогдуулан зарим тулгамдсан асуудлыг аймаг, орон нутгаас шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв. Мөн хүн, малын халдварт өвчний тархалтыг хумих, учирч болох хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч хариуцлагатай ажиллахыг анхааруулж ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах чиглэлийг өглөө.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ