ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээний 2 дахь удаагийн тусламжийг үзүүллээ



Дэлхий даяар "КОВИД-19" цар тахлын үед хичээл сургууль бүтэн жилийн хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн хаагдсаны улмаас 168 сая хүүхдийн боловсрол тасалдаж байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас сануулж, сургуулиудаа нээхийг дэлхийн улс орнуудад уриалсан билээ. 

Манай улсын хувьд 09 дүгээр сарын 01-ээс эхлэн бүх шатны боловсролын үйл ажиллагааг танхимаар болон цахимаар явуулах болсонтой холбогдуулан Дэлхийн Зөн Монгол байгууллага сургууль цэцэрлэгийн ариун цэвэр, халдвар хамгааллын нөхцлийг хангахад дэмжлэг үзүүлэх, цар тахлын халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор 2 дахь удаагийн тусламжийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Энэхүү ажлын хүрэээнд зорилтот сумдын (Жаргалант, Мянгад, Дөргөн, Зэрэг, Манхан) 11 сургууль, 20 цэцэрлэг, 5 дотуур байр, МСҮТ-д 114 ширхэг гар ариутгагч аппарат, 20 ширхэг халуун хэмжигч, 192 ширхэг цэнэглэдэг санитол, 114 хайрцаг шахмал ариутгагч бодис болох  24.945.000 (Хорин дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга) төгрөгийн тусламжийг  аймгийн Боловсролын газарт хандивлалаа. 



Түүнчлэн, цар тахлын нөхцөл байдал хүндэрч халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа энэ хүнд үед халдвараас хамгаалах болон бууруулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газарт 205 ширхэг нүүрний хаалт, 500 ширхэг хамгаалах хувцас, 555 ширхэг нэг удаагийн бээлий, 500 ширхэг нүдний шил, 20 хайрцаг ариутгагч бодис, 21 ширхэг ариутгалын төхөөрөмж, 3 ширхэг хүчилтөрөгчийн аппарат зэрэг нийт 16.233.000 (Арван зургаан сая хоёр зуун гучин гурван мянга) төгрөгийн дүнтэй багцыг өнөөдөр /2021.08.27/ хүлээлгэн өглөө. 

Монгол орон даяар хэрэгжиж буй уг төслийн 2 дахь удаагийн тусламжаар үндэсний хэмжээнд эрүүл ахуйн багц, хичээлийн хэрэгслийн иж бүрэн багц мөн гамшгийн эрсдлээс сэргийлэх мэдлэг олгох танин мэдэхүйн хөлөгт тоглоом гэх зэрэг нийт 1.9 тэрбум төгрөгний үнэ бүхий тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд  хүрч байгаа бөгөөд Ховд аймгийн хэмжээнд 2076 хүүхэд хамрагдсан байна. 

Мөн Үндэсний хэмжээнд “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ төслийн хүрээнд дэмжлэг шаардлагатай өрхүүдийн амьжиргаанд ирж буй дарамтыг бууруулах, хоол хүнсний хомсдолыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 17 орон нутгийн хөтөлбөрөөрөө дамжуулан 18.000 өрхийн 89.000 гаруй иргэнд 1.8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг 05-р сард үзүүлжээ. Үүнд Ховд аймгаас 1280 өрх хамрагдаж 128.000.000 (Нэг зуун хорин найман сая) төгрөгийн тусламжийг хүлээн авсан байна. 

Дэлхий нийтээрээ хүнд үеийг туулж буй энэ цагт цар тахлыг хамгийн хохирол багатайгаар даван туулахын төлөө хамтдаа хичээцгээе! 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ