Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэгийн хамт олон “Хүүхэд өв уламжлалаа дээдэлсэн, өөртөө итгэлтэй, сонирхлоороо хөгжих эрүүл орчин байна” гэх үзэл баримтлалд тулгуурлан “Бага насны хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх, дархлаа дэмжих нь” сэдэвт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Тодруулбал, хүүхдүүддээ үндэсний өв соёлоос суралцах боломжийг олгож хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулж, “Өв уламжлалын төв”-ийг байгуулжээ.
Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд 80 гаруй төрлийн монгол наадгайгаар тоглож уламжлалт өв соёлоосоо суралцаж байна. Мөн багш нарын зүгээс хүүхдүүдэд хүндэтгэх ёс, хөдөлмөрлөх зан үйл, амьдрах ухаан, монгол ардын үлгэр, дуу гэхчлэн монголчуудын уламжлалт зан заншлыг насны онцлогт нь тохируулан зааж буй.
Тус цэцэрлэг энэ жичээлийн жилд багш нарынхаа дунд “Номын төв” тохижуулах уралдаан зарласан байна. Ингээд долоон бүлэг тус бүрт хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номын баяжилт бүхий “Номын төв”-тэй болжээ.
Үүнд 300 орчим ном байгаагаас 40 гаруй үлгэрийн номыг багш нар давуу болон эсгий, хатгамал, баримлын шавар ашиглан өөрсдийн гараар урлан бүтээсэн аж. Үүнийг хүүхдүүд ихэд сонирхон уншиж байна гэж Зэрэг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жигдбаяр онцоллоо. Мөн тус цэцэрлэгийн багш нар хүүхдүүд бүтээлчээр ном уншихад зориулан хуруун хүүхэлдэй, ширээний болон хормогчны театр зэрэг хэд хэдэн шинэлэг хэрэглэгдэхүүнийг сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Бага насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал, дасгал хөдөлгөөн чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Зэрэг сумын Цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зорилгоор дулааны улиралд усан эмчилгээг үзүүлж ирсэн. Тэгвэл одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хүйтний улиралд хүүхдийн дархлаа дэмжих үйл ажиллагааг долоо болон 14 хоногийн давтамжтай төлөвлөж буй. Улмаар бүлэг тус бүрт шар болон сүүлний тос ашиглан бүтэн биеийн иллэг, цэгэн бариа, хөгжөөнт тоглоом, дасгал хөдөлгөөн зэргийг өдөр бүр багш ажилтан, эцэг эх, хүүхдүүдийн хамтын оролцоотой зохион байгуулж байгаа аж.
ВИДЕО: