Өнөөдөр /2020.10.13/ Мянгад сумын төвийг Мянганы Босоо тэнхлэгийн авто замтай холбох 800 метр цементэн хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авлаа.
Тус бүтээн байгуулалтыг Улсын болон орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оффрөүд таван богд” ХХК гүйцэтгэжээ.
Авто замын ажлыг зураг төсөв, холбогдох чанар стандартынх нь шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг аймгийн ЗДТГ-аар ахлуулсан мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг шалгаж, хүлээж авсан юм.
Ийнхүү Мянгад сумын төвийг Мянганы босоо тэнхлэгийн авто замтай холбосон нь сумын иргэдийн олон жилийн хүлээлтэд нийцсэн ажил байсан бөгөөд зам ашиглалтад орсноор иргэд тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ, байгаль, орчны эрүүл, аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг тус сумын иргэд нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолж байлаа.