Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Хур” систем нэвтрүүлэх “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт 13 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр иргэд 9-р сарын 3-ны өдрөөс эхлэн төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагааг нэг дороос буюу Жаргалант сумын ЗДТГ-аас түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Тус системийг 7-р сараас эхлэн хөдөөгийн сумдад нэвтрүүлснээр иргэд хэрэгцээт үйлчилгээгээ сумандаа авах боломжтой болсон. Тэгвэл өнөөдөр ийнхүү 17 суманд бүрэн нэвтрүүлж байгаа юм. Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэх нь аль ч Засаг захиргааны нэгж дэх төрийн байгууллагуудын үндсэн үүрэг.
Тийм ч учраас төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, сумын иргэдийг сумандаа, ая тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Зэрэг суманд Нутгийн Удирдлагын ордныг шинээр байгуулсан бол энэ онд Ховд, Эрдэнэбүрэн сумдын ордныг ашиглалтад хүлээн авч байна.