Аймгийн Онцгой комисс долоодугаар сарын 22-ны өдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцэв. Энэ үеэр Ховд аймгийн Буянт суманд байрлах “Вестерн холд” ХХК-ийн “Ховд эко цемент” төслийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт хийхээр Замын үүд боомтоор орж ирэх БНХАУ-ын 14 \мэргэжилтэн\ иргэний тусгаарлах байрыг тус компанийн “Ховд эко цемент”-ний үйлдвэрийн барилга угсралтын орчинд 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрийн дотор Эрүүл мэндийн сайдын 2020 оны 269 дүгээр тушаалын дагуу байгуулж ажиллахыг “Вестерн холд” ХХК-д үүрэг болгов.
Мөн тус компанийн байгуулсан тусгаарлах байранд 2020 оны долоодугаар сарын 30-ны өдрийн дотор хяналт шалгалт зохион байгуулж, мэргэжлийн байцаагч нарын дүгнэлт гаргаж ажиллахыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасан юм. Түүнчлэн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төвөөс уг тусгаарлах байранд хяналт тавьж ажиллах алба хаагчдын хуваарь, ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилгоожуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болов. Тусгаарлах байранд хяналт тавьж ажиллах алба хаагчдын байр, хоол хүнс, томилолт, шатахууны зардлыг “Вестерн холд” ХХК-иас шийдвэрлэх юм.
Үүнээс гадна харьяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг 2020 оны долоодугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 8:00-23:00 цаг хүртэлх хугацаанд ажиллуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар болов.