Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ



Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 12:40 цагт Зоонозын өвчин судлалын төвд иржээ. Тодруулбал, Цэцэг сумын Баян-овоо багийн иргэн 27 настай эрэгтэй “Г” тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогдсон байна. Уг иргэний шинжилгээний дээж сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, маргааш албан ёсны баталгаат хариу гарах юм.  Одоогийн байдлаар БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад аваад байна.



Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, зураглал гаргах замаар БОЭТ, Ач заяа эмнэлэгт стандартын дагуу ариутгал халдваргүйтгэл хийх, нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг мэргэжлийн байгууллагын хяналт дор тусгаарлалтад авах, Шуурхай штабын ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, удирдлага, зохион байгуулалтаар хангах, БОЭТ-д байгаа хавьтагч бус эмч, мэргэжилтнийг чөлөөлж, БОЭТ-ийн үйл ажиллагааг хэвийн болгох, Мөст, Алтай, Мөнххайрхан зэрэг сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэр гаргаж, мөрдөн ажиллахаар болсон юм. Энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. 



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ