Чандмань суманд Сүү, цагаан идээ боловсруулах цех байгуулжээ



Ховд аймгийн Чандмань суманд Жаргалант сүүн цацал хоршооноос “Сүү, цагаан идээ боловсруулах цех”-ийг байгуулж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус цехийг байгуулснаар сүү, сүүн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэг чухал ач холбогдолтой гэнэ. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд энэхүү цехийг байгуулснаараа онцлогтой.



Тус цех нь өдөрт 400 литр сүү боловсруулж, 8-12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Цехийн ажилтнууд бүтээгдэхүүн үйлвэрлэх сүүгээ сумын малчидтай гэрээ байгуулан хуваарийн дагуу авна. Улмаар үйлдвэрлэсэн тараг, ааруул, аарц, зөөхий гэх мэт бүтээгдэхүүнийг сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад нийлүүлнэ. Үүнээс гадна зах зээлд худалдан борлуулах боломж бүрдүүлж байгаа гэнэ. 



Сүү, цагаан идээ боловсруулах цехийн нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдах ажилтан, холбогдох албаныхан оролцлоо. Энэ үеэр сүүний нэмүү өртгийн сүлжээг  хөгжүүлэхийн тулд орон нутгийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллана. Ингэхдээ ЖДҮХС-ийн зээлд хамруулах, бүтээгдэхүүнийг Номин  худалдааны төвийн “Ховдод үйлдвэрлэв” тасагт нийлүүлж худалдаалах боломжтой гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан онцлон хэллээ.



Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд өнгөрсөн онд Булган, Дуут суманд сүүний үйлдвэр, сүү, цагаан идээ боловсруулах цех байгуулсан байдаг. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ