Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Байгаль сэтгүүлч кулб Буянт голын хүүхдүүд аянд нэгдэж, Буянт гол дээр ажиллалаа. Энэ удаа аянд оролцож буй хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна.
Энэ зуны турш Буянт голын хүүхдүүд Жаргалант сумаас гаргасан зусланд гарах айлуудын шинээр мөрдөх журамтай танилцаж, найз нөхөдтэйгээ хамтдаа гол усаа хайрлан хамгаалах, ялангуяа ил задгай хог хаядлыг багасгах, зүлгэн дээр юм угаах, машин тавих зэрэг зөрчилтэй тухай бүрт тэмцэж, байгаль хамгаалах улсын байцаагч, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах юм.
Хүүхдүүд иргэд, үе тэнгийн найзуудаа уриалж байгальд ээлтэй, оршин суугаа нутаг дэвсгэртээ эзэн нь байж, уламжлалт арга, хог хаягдалгүй, хөрсний бохирдолгүй амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, байгаль орчноо хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх саналаа илэрхийллээ.
Энэ удаа хүүхдүүд буянт гол дагуу ажиллаж зүлгэн дээр машинаа тавьсан жолооч нарт зөрчлийн тухай хууль танилцуулж, зориулалтын зогсоолтой газар машинаа тавьж зүлгээ хайрлан хамгаалах талаар санал бодлоо хэлэв.
Мөн голын орчны хог хаягдлыг сайн дураараа цэвэрлэж, усан дотор хаясан шил, сав, цаас ахуйн хог хаягдлыг цэвэрлэхэд оролцсон юм.
Хүүхдүүдийн ихэнх аав ээж нь Буянт гол дагуу зусланд гардаг, зуны улиралд голын усанд шумбаж, загас жараахай барьж, тоглож өссөн болохоор Буянт голдоо хайртай, зун болохыг тэсэн ядан хүлээдэг гэцгээж байв.
Прогресс сургуулийн 10 дугаар ангийнсурагч Б.Энхжин :“Манайх зусланд гардаг. Манай аав, ээж зуны гэр барьж бид дүү нараа агаар салхинд гаргаж, гэр бүлээрээ тав тухтай сайхан байдаг. Харин зарим ээжүүд, эгч нар голын усанд хүүхдүүд сэлж байх үед янз бүрийн химийн бодистой аяг таваг угаагч хэрэглэж, түүгээ гол руу асгадаг. Үүнийг би буруу гэж бодож байна гэв.
Цаст Алтай сургуулийн 5 дугаар ангийн сурагч Г.Уянга: “Хүүхдүүд бид нар голын усанд орж тоглох дуртай байдаг. Харин том хүмүүсийн уусан архи, пивоны шил маш их байдаг. Түүнийг хагалж, ус руу шиддэг нь бидний эрүүл мэндэд маш хортой. Би гол дээр тоглож байгаад шил гишгэж хөлөө гэмтээгээд оёдол тавиулж байсан. Ийм болохоор томчууд хүүхдүүд бидний эрүүл аюулгүй орчинд амьдрахад анхаарч байгаасай” гэлээ.
Цаст Алтай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Оргилуун: “Зусланд хүүхдүүд тоглох талбай байдаггүй, хэрвээ хүүхдүүдэд зориулсан сагс, хөл бөмбөгийн талбай байдаг бол бид хоорондоо найзалж, нөхөрлөж, үе тэнгийнхэндээ буянт голоо хамгаалах, гол усаа бохирдуулахгүй байх талаар ярилцах боломж илүү олдоно” гэх мэт олон чухал саналыг хүүхдүүд гаргаж байсан юм.
Хүүхдүүдийн санал , үзэл бодлоос ажиглахад хүүхдүүд байгалиа хамгаалах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг боловч, зарим томчуудын буруу үлгэр дууриалал /архины шил хагалж хаях, тахины иш хаядаг, машин зүлгэн дээр тавих, / гэх мэт нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг хэлж байсан юм.
Буянт голоо хайрлан хамгаалахад хүүхдүүдийн оролцоо маш чухал. Томчууд хүүхдүүдийн үгийг сонсох дуртай. Хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй энэ арга хэмжээ хүүхдүүд багаасаа экологийн боловсрол эзэмшиж, оршин буй газар нутгийнхаа байгаль, ус, хөрсийг хамгаалахад суралцвал цаашдаа бие биедээ,найз нөхөддөө жинхэнэ үлгэр дууриалал болж чадна.