Чацарганатын хадны оршуулгыг малтан шинжилжээ



Мэргэжлийн байгууллагын судлаачид өнгөрсөн онд тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа археологийн авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ. Тодруулбал, Ховд их сургууль, Музейн хамтарсан Археологийн авран хамгаалах судалгааны баг 2019 оны дөрөвдүгээр сард Манхан сумын Төгрөг гол багийн нутаг, Чацарганатын хадны оршуулгыг малтан шинжилгээ хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Чацарганатын хадны оршуулгын археологийн авран хамгаалах малтлага, судалгааны эхний үр дүнгийн талаар сурвалжиллаа. 
Уг хадны оршуулга нь Жаргалант хайрхан уулын баруун сугад орших Чацарганат хэмээх уулын энгэр орчимд дагтаршсан чулуун найрлага бүхий тогтоцтой, нар ээх энгэр хөмөгт байрлах аж. Тус уулын жижиг гол орчимд чацаргана жимс ургадаг бөгөөд нутгийн иргэдийн намаржин байрлах газар аж.

            Оршуулгаас гарсан нум, сумыг тоносон этгээд зарах оролдлого хийж байв

2009 онд уг хадны оршуулга тоногдсон хэмээх мэдээллийг нутгийн малчид Манхан сумын байгаль орчны байцаагч Л.Данзансүрэнд мэдээлж байжээ. Ингээд Манхан сумын ИТХ-ын дарга Л.Хүдэрбат, байгаль орчны байцаагч Л.Данзансүрэн нар тус оршуулгыг баримтжуулах ажил хийсэн. Улмаар зарим олдворыг буцаан хийж, гурван ширхэг нум сумыг Манхан сумын Соёлын төвийн орон нутаг судлах музейд өгч хадгалуулжээ. Тус оршуулгаас гарсан нум, сумыг тоносон этгээд зарах оролдлого хийсэн. Ингээд мэдээлэл тархсанаас болж орон нутгийн байгаль орчны байцаагч очиж шалгасан гэнэ.

             Модон эмээл, сэнж бүхий хоёр төмөр дөрөө зэрэг олдворууд алга болжээ

2016 онд Манхан сумын сургуулийн багш Ч.Энхтөр, Ц.Мөнхбат нар Чацарганатын хадны оршуулгыг нутгийн малчин Г.Цэнджаваар заалган үзжээ. Тухайн үед модон эмээл, сэнж бүхий хоёр төмөр дөрөө болон бөс даавуу зэрэг олдвор байсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд судалгааны баг очиход уг олдвор дахин тоногдож, доод хөлний хэсэг бүтэн байсан нь нүх гарч, хүний яснууд нь доош унасан байв. Мөн модон эмээл, сэнж бүхий хоёр төмөр дөрөө зэрэг олдвор байхгүй болсон байдалтай байжээ. Уг хадны оршуулга уулын энгэрийн нар ээсэн хэсэгт нэг том баргил тогтоц бүхий чулуу шорооны холимог том цулын доор орших хөмгөнд байрлана. Хадны оршуулга ХӨ. 47º30,07.3ʺ ЗУ. 92º34,06.0ʺ газар зүйн байршилд, ДТД 1598 м өндөрт орших ажээ.



Судалгааны багийн гишүүд малтлага хийхээр энгэр өөд мацах замд хүний дунд чөмөг болон гарны яс таарч, тэдгээр яс нь нар салхинд ихэд удаан хугацаанд ил байсантай холбоотой цайсан байв. Мөн уулын энгэрийн нар ээсэн хэсэгт нэг том баргил тогтоц бүхий чулуу шорооны холимог цулын доор орших нүхэнд хүний доод мөчний хоёр яс, хөлний шагайны орчмын үений яс ил гарсан байдалтай байжээ. Хөмгийн хөлд хүний хүзүү, эгэм, хавирга, гар болон далны яс унасан байж. Судалгааны багийнхан хүний чөмөг болон шагайны орчмын ясыг баримтжуулж, цааш шалгалт хийхэд эмх замбараагаа алдсан яс, олдворын хамт холилдсон байдалтай байсан. 



Тус оршуулга байсан хөмгөөс нумны сум, шөрмөсөн хөвч, бөс даавууны хэсэг, ширэн эдлэлийн тасархай, модон таваг болон хүний ясны үлдэгдлүүд гарчээ. Эдгээрийг орон нутгийн Музейд хадгалж байна. 





Уг хадны оршуулгын өвөрмөц олдвор бол Манхан сумын Соёлын төвийн орон нутаг судлах музейд байгаа гурван ширхэг нумны зэв бүхий “сум”... 
Уг сумны нэг зэв нь навчин хэлбэртэй.
Хоёрдугаарх нь шовх үзүүртэй хатгуурт зэв.
Харин гуравдугаар зэв нь төмрийн үзүүр этгээд тэгш буюу үл мэдэг зуйван нэг төрлийн зэв ажээ. Нэг болон хоёрдугаар зэв нь модон мөстэй. Харин гуравдугаар зэв нь хулсан мөстэй гэдгээрээ өвөрмөц аж. Дээрх гурван зэвний хэлбэр нь уг олдворыг Их Монгол Улсын үеийнх гэдгийг баталж байна. Ялангуяа нэг болон гуравдугаар зэв нь нэг  хэлбэрийн онцлогийг маш сайтар харуулж байна гэж судлаачид дүгнэв.



Ховд их сургууль 2018 онд уг оршуулгыг малтан судлах зөвшөөрлийн хүсэлт уламжилсан ч мэргэжлийн зөвлөлөөс тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй. Хэрэв цаг алдалгүй уг хадны оршуулгыг баримтжуулсан бол бие сэнжтэй хоёр ширхэг дөрөө болон модон эмээл тонуулчдын гарт оролгүй судалгааны эргэлтэд орох байсан. Улмаар Кидан, Их Монгол Улсын үеийн морины эдлэл хэрэгслийн судалгаа  явуулах, Алтайн бүс нутагт оршин суугчдын онцлогийг тогтоох боломж нээгдэх байлаа. Итгэмжит мэдээллээр  уг хоёр дөрөө нь X зууны үеийн Үзүүр гялангийн хадны оршуулгаас гарсан эмээлийн дөрөөтэй адил хэлбэртэй байсан бололтой гэж судлаачид онцлон хэлэв.
Чацарганатын хадны оршуулгын авран хамгаалах судалгааны багт:  Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны магистр Х.Бямбасүрэн болон Манхан сумын сургуулийн захирал, Түүхийн ухааны магистр Ч.Энхтөр, Түүх, нийгмийн ухааны багш, Түүх-археологийн ухааны магистр Ц.Мөнхбат нар ажиллажээ.
Мөн Ховд аймгийн Музейн бүртгэл мэдээллийн санч, ХИС-ийн ТНУ-ы тэнхимийн магистрант Б.Сүхбаатар, ХИС-ийн НХУС-ийн ТНУ-ы тэнхимийн эрхлэгч, Түүхийн ухааны доктор Ч.Мөнхбаяр, Манхан сумын Төгрөг гол багийн малчин Г.Цэнджав нар ажилласан байна.   



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ