Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
2019 ОНД ХӨШӨӨТИЙН УУРХАЙ 1 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОЛОО
“МоЭнКо” ХХК энэ онд Хөшөөтийн уурхайгаас 1 сая тонн нүүрс БНХАУ руу экспортолж,
“Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д 2,3 тэрбум төгрөг төвлөрүүлэв. Энэ хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын 54 төсөл, хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүллээ. Хөшөөтийн уурхайгаас Цэцэг, Дарви, Мөст, Зэрэг, Жаргалант зэрэг нөлөөлийн 10 сумдын ард иргэдэд нийт 5000тн нүүрсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад зэрэг бусад сумдад Хотгорын уурхайгаас 1850тн нүүрсийг тус тус олгов.
ВИДЕО: