Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд ажиллав



Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах, сум орон нутгийн өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 20-ны өдөр Чандмань суманд ажиллалаа. 


Ажлын хэсгийнхэн Чандмань сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад сумын удирдах ажилтнууд болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 90 гаруй хүн оролцож, харилцан санал солилцов. Энэ үеэр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг танилцуулсан юм. Мөн Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер Б.Мөнгөнцоож “Батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилт, иргэнд төрөөс батлан хамгаалах чиглэлээр үзүүлэх үйлчилгээ”-ний тухай мэдээлэл хийлээ. Үүнээс гадна ажлын хэсгийн бүрэлдэхүүн сум, байгууллагуудын цаг үеийн ажил, бодлогын баримт бичгийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв. 

ЧАНДМАНЬ СУМАНД НИЙТ 2 ТЭРБУМ 558.6 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖЭЭ

Ховд аймгийн Чандмань сум нь 601.6 мянган га нутаг дэвсгэртэй. 746 өрхийн 3012 хүн амтай. Сумын нийт нутаг дэвсгэрийн 92.6 хувь нь улсын тусгай хамгаалалтад байгаагаараа онцлогтой. Чандмань сумынхан 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн нийт 2 тэрбум 558.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, улсын төсвийн 290.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хуучин улаан заал”-ны засварын ажил гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна. Мөн улсын төсвийн 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чандмань сумын Талын булаг багийн “Тэмээтийн орой” гэх газарт Юнителийн сүлжээний дамжуулах станц тавьж байгаа юм. 

СУМЫН НӨӨЦ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ МАЛЧДАД ОЛГОСОН



Чандмань суманд энэ жил 528 малчин өрхийн 222 мянган мал өвөлжиж, хаваржих юм. Одоогоор сумын нийт нутгаар өвөлжилт хэвийн байгаа бөгөөд уулархаг бүс нутагтаа 15-40 см цастай байна. Энэ жил сумын аюулгүйн нөөцөд 15 тн өвс, 10 тн тэжээл бэлтгэсэн байна. Харин мал аж ахуйн таван баг нийт 15 тн өвс, тэжээл бэлтгэсэн аж. Үүнээс өвс, тэжээлийн нөөцийн 90 орчим хувийг малчдад олгосон гэж Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах хэллээ.  

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ