Монгол улсын засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4 дүгээр зорилтын хүрээнд БСШУСЯ, МХЕГ-тай хамтран ЕБС-иудад хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, түүнд учрах эрсдэл хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль” байгуулах ажил тусгагдсан байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль”-ийг сонгон шалгаруулахаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Ховд аймагт “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль"-иар” Буянт сумын ЕБСургууль сонгогдсон ба жишиг сургуулийг шалгаруулахдаа хүний нөөц, сурагчид, хүүхэд хүмүүжлийн эерэг хандлага арга зүйг нэвтрүүлж буй байдал, багш ажилчдыг мэргэшүүлж буй байдал, хүүхдийн санал санаачлагыг дэмжин ажиллаж буй байдал, сургуулийн орчин эрүүл ахуй, гадаад орчин, хүүхэд хамгааллын үйлчилгээ гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгосон байна. Монгол улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүргийн 778 сургуулиас 31 сургууль “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль"-иар сонгогдоод байгаа бөгөөд тун удахгүй эдгээр 31 сургуулиас шилдэгийн шилдэг сургуулийг шалгаруулах юм.
Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хүмүүжлийн эерэг арга хандлага, харилцааны ёсзүй, шилдэг сургууль, шилдэг багш сурагчид ямар байх талаар сургуулийн сурагчид, багш ажилчид, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт мэдлэг , мэдээлэл өгөх зорилгоор чадавхжуулах сургалтыг Ховд аймгийн Буянт суманд зохион байгууллаа. Сургалтын нээлтэд Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Батбаяр, аймгийн МХГ-ын Боловсрол соёлын хяналтын улсын байцаагч Ц.Алтанхишиг, Буянт сумын ЕБС-ийн захирал Б.Оюунчимэг болон сум орон нутгийн удирдлагууд оролцов. Сургалтын чиглүүлэгч багшаар Монголын сурагчдын холбооны сэтгэлзүйч О.Тэгшжаргал болон ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллажээ.