Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор энэ сарын 19-24 ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна. Тэрээр энэ удаагийнхаа томилолтыг Ховд аймгаас эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймаг орон нутгийн удирдлагууд “Ховд” нисэх онгоцны буудлаас угтан авч, Аймгийн төв талбайд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн О.Батнасан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй удирдах ажилтнууд ажиллаж байна. Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.
Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.
Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.
Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.
ВИДЕО: