Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Яамдын сайд нар болон аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын удирдлагууд болон хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар оролцов.
Энэхүү хурлаар Монгол улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэн ажиллаж, Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн семинарт бүрэн оролцох тухай 4 асуудлаар албан даалгавар өгч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон шуурхай хэрэгжүүлж ажиллахыг аймаг нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож, аймгуудын санал хүсэлтийг сонслоо.
Цахим хурлын үеэр Ховд аймгийн зүгээс аймгийн Засаг дарга Д.Галсандондог: Иргэдийн халамжийн мөнгөний санхүүжилт төсвийн орлого биелэхгүй байгаатай холбогдуулан халамжийн сангийн 439 сая төгрөгийн өр бий болоод байгаа, өнгөрсөн жил гарсан Мялзан өвчнийг дарах хүрээнд ажилласан зардлын санхүүжилтийн дутууг гүйцээж олгох, төл малд хийгдэх Мялзан өвчний эсрэг вакцинийг нэн даруй орон нутагт нийлүүлэх шаардлагатай байгааг зэрэг асуудлуудыг онцлон танилцуулж ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг Монгол улсын Засгийн газарт хүсэлт болгон уламжиллаа.