“Орос Монголын найрамдлын сар”-ын ажил өндөрлөв


Жил бүрийн 10 сарын 5-аас 11 сарын 5-ны хооронд “Орос Монголын найрамдлын сар”-ын арга хэмжээ зохион явагддаг уламжлалтай. Энэ хүрээнд Орос хэлний талаар нэлээд олон арга хэмжээ зохион явуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард БСУГ-ын дэргэд “Орос хэлний төв” нээсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотод байдаг Орос хэлний төвийн салбар болж байгаагаараа онцлог юм. Энэхүү төвөө түшиглээд 8-р ангиудын дунд Орос хэлний олимпиад, Оросоор хэн сайн дуулах вэ,  Оросоор хэн сайн шүлэг унших вэ зэрэг уралдаануудыг зохион явуулсан байна. Ийнхүү өчигдөр Алтайн их сургуулийн багш нар БСУГ хамтран энэхүү найрамдлын сарын аяны хүрээнд зохиогдсон ажлуудын шагналыг гардуулж, хаалтын арга хэмжээг ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд зохион явууллаа. Мөн энэ үеэрээ Орос хэлний сургалтын төвд Орос хэлний сүүлийн үеийн зарим ном сурах бичгийг хүлээлгэн өгсөн юм.   


Түүнчлэн Алтайн их сургуулийн багш нар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболдтой уулзаж цаашид бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, Ховд аймгийн  иргэдийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс багш нарыг Ховд аймагт ажиллуулах боломжтой талаар ярилцлаа. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард Ховд аймгаас Орос хэлний багш нар болон Төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг Алтайн их сургуулийг түшиглэн зохион явуулах талаар ЗДТГ-ын даргатай уулзах үеэрээ санал тавьж суралцах хүмүүсийг бүртгэж мэдээллийг нь ирүүлэхийг онцоллоо. 






    

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ