Аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Малчиддаа тусалъя” сайн санааны аянг эхлүүлж байна. 2017 оны 11-р сарын 1-ээс 2018 оны 02-р сарын 1 хүртэл 3 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилдаа ороод байна. Ажлын хэсэг “Малчиддаа тусалъя” сайн санааны аяны нээлтийн үйл ажиллагааг маргааш буюу 11 сарын 1-ний 10 цагт төв талбайд зохион байгуулахаар болжээ.
Уг аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж малчиддаа сэтгэлийн хандив тусламж үзүүлэх боломжтой бөгөөд аянд идэьх санаачлагатай оролцсон иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.