Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд Ховд аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж байна. Тухайлбал, Ховд аймагт баригдаж байгаа босоо тэнхлэгийн автозам буюу Булган боомтоос ОХУ-ын хил хүртэлх зам, БОЭТ-ийн оношлогооны корпусын ажлыг барих үйл явц, Ховд их сургуульд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт зэрэг ажлуудын явцтай танилцлаа.
Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзаж аймаг орон нутагт хийгдэж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо.
Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банк бол манай орны түншлэгч томоохон байгууллагуудын нэг. Та бүхний манай аймаг орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад баяртай байгаа. Зам, дэд бүтцийн хувьд чанартай сайн замууд тавигдаж байгаад ард иргэд болон аймаг орон нутгийн удирдлагын хувьд талархаж байна. Зам, харилцаа сайжирснаар бүс нутгийн эдийн засаг өргөжин тэлэх суурь хүчин зүйл болно. Тиймээс бид цаашид энэхүү замаа дагаад хөгжлийн олон үүд хаалга нээгдэнэ гэж итгэж байгаа. Миний хувьд анх 2003 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ энэхүү замын транс тогтоох ажилд гар бие оролцож ажлын эхлэлийг тавьж байсандаа баяртай байдаг. Ингээд бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж ирлээ та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэдгийг онцолсон юм.