Эх үрсийн баярыг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэв.



Тэртээ 1925 онд Женев хотод Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож, энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. 1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс “Хүүхдийн баярын өдөр” болгож, жил бүр  тэмдэглэж байхаар  шийдвэрлэжээ. Харин ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Хүүхдийн баярын өдрийг “Эх үрсийн баяр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн  билээ.



Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Эх үрсийн баярыг  "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай"  уриан дор тэмдэглэж байна.




Өнөөдөр Ард Аюушын талбайд  зохион байгуулсан  Эх үрсийн баярын нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг,  Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын албаны хүмүүс оролцож хүүхэд багачууд, эхчүүд эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн, шилдэг тэргүүний хүүхэд багачууд, сурагчдад шагнал, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын гарын бэлэг гардууллаа.




Энэ өдөр хүүхдэд зориулсан "Хүүхдийн жүжгийн гол дүрийн баатрууд" жүжигчилсэн тоглолт, аймгийн Шилдэг хүүхдүүдийн баярын жагсаал, Таеквандогийн “Сүлд алдар” клубын тамирчдын үзүүлэх тоглолт ,Цэцэрлэгийн хүүхдүүдийн үндэсний хувцасны парад, төрөл бүрийн уралдааныг зохион байгууллаа.  




Тухайлбал: Цэцэрлэгийн 4-5 насны хүүхдийн 32 бөхийн барилдаан, “7-10” насны хүүхдэд зориулсан дугуйн уралдаан,  “11 – 14” насны хүүхдэд зориулсан дугуйн уралдаан, “2-6” насны хүүхдийн гар зургийн уралдаан, “Хэн хамгийн хурдан гүйлгээ хийх вэ” эцэг эхчүүдийн тэмцээн”, Талбайн гар зургийн уралдаан, Шүлэг, түргэн хэлллэгийн уралдаан, Хүүхдийн “АХА” тэмцээн, "Гэр бүлийн буухиа" зэрэг олон төрлийн тэмцээн уралдааныг "Аваргын гараа", "Эрхэм таны итгэлт анд", "Шинэ зууны хүүхдүүд", "Цэвэр орчин-Цэмцгэр хот", "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" гэсэн өртөөнд зохион байгуулж, оролцогч хүүхдүүдийг урамшууллаа. 













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ