"Ховд аймгийн шигшмэл хурд-2023" эхэллээ



УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, "Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан", Монголын МСУХ хамтран "Ховд аймгийн шигшмэл хурд-2023" уралдааныг Буянт сумын "Бөөр хар"-д зохион байгуулж байна. 



Монголчуудын адууны өв соёл, зан заншил, ёс уламжлалыг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Ховд аймгийн уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилготой тус уралдаан өнөөдөр /2023.07.30/ эхэллээ.



Зургаан насны 450 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж буй "Ховд аймгийн шигшмэл хурд-2023" уралдааныг нээж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар наадамчин олонд хандан үг хэлэв.



УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

"Монголчуудын адууны соёлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхээс гадна уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд энэхүү уралдаан чухал ач холбогдлоо өгнө. Мөн баяр наадмын тухай хуульд уралдсан морьдын эхний 5 биш 9-ийг барьж, шагнадаг болох асуудлыг тусгуулан ажиллана" гэлээ.


Энэ үеэр аймгийн ХДТ-ын уран бүтээлчид морин хуурын аялгуу эгшиглүүлж бүжиг наадмынхаа дээжээс өргөн барилаа.



Уралдааны эхний өдөр /2023.07.30/ Азарга, Соёолон, Хязаалан насны морьдын уралдаан явууллаа.



Мөн 17 сумын адуучин залуусыг оролцуулсан “Бугуйл шүүрэх тэмцээн” зохион байгуулав. Хоёр үе шаттай тус тэмцээнд нийт 54 залуус оролцож 12 нь хоёрдугаар шатанд шалгарлаа. 



Маргааш /2023.07.31/ Даага, Шүдлэн, Их насны морьдын уралдаан зохион байгуулж шагнал гардуулна. 
"Ховд аймгийн шигшмэл хурд-2023" уралдааныг санаачлан зохион байгуулагчид эхний 9-д ирсэн морьдыг мотоциклоор мөн нас бүрд уралдсан морьдын 30-аас доошгүй хувийг шагнаж урамшуулах юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ