ХХААХҮЯ, Мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулах газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ШХА-ийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл “Бэлчээрийн доройтлыг бууруулж менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн ХХАГ-ын хөдөө, аж ахуй, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй 100 гаруй хүн хамрагдаж байгаа юм.
2019 оны 8-р сард Бэлчээрийн даац багтаамжийг тогтоох нэгдсэн нэг аргачлалыг ХХААХҮЯ, БОАЖЯ, Үндэсний статистикийн хороо хамтран баталсан. Тэгвэл энэ сургалтаар холбогдох мэргэжилтнүүд тус аргачлалын дагуу бэлчээр, байгалийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулж, эрүүл аюүлгүй бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулахад анхаарах зүйлсийн талаар сайн туршлагыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.