Улсын Онцгой комиссын "ШУУРХАЙ БҮЛЭГ" Ховд аймагт ажиллав



Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй МХЕГ, ЭМЯ гэх мэт  яам хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүдээс бүрдсэн 36 хүний бүрэлдэхүүн багтсан ба тус ажлын хэсэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажилласан юм. Ажлын хэсгийнхэнийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд нь аймаг орон нутгийн удирдлагууд  Дарви суманд угтан авч, улмаар аймгийн төв талбайд аймгийн онцгой комиссын мэргэжлийн ангийн төлөөллүүд жагсан хүндэтгэл үзүүллээ.

ВИДЕО:





Энэ үеэр Монгол улсын  Засгийн газар, улсын онцгой комиссоос Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад 400 тонн өвс үнэгүй, 250 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэж  өвс тэжээлийн эхний хэсгийг аймгийн төв талбай дээрээс орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.  Үүний дараагаар Ховд аймгийн онцгой комиссын мэргэжлийн ангиудын төлөөллөөс бүрдсэн Ховд аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдуулсан юм аа. Энэхүү хуралдааны үеэр Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дөрвөн саналыг тавьсан юм. 



Тухайлбал: Ховд аймгийн БОЭТ, Зэрэг, Дуут сумдын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг автомашинуудын гүйлт, километр дууссан, эвдрэл гэмтэл тогтмол гарч эрүүл мэндийн үйлчилгээ явах боломжгүй болсон тул 3 автомашин шийдвэрлүүлэх, Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарт 1000тн өвс, 250 тн тэжээлийн тусламжийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлүүлэх, Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Мөст сум дахь шатахууны цэгээс 50 тн түлш хөнгөлөлтэй үнээр гаргах асуудлыг шийдвэрлүүлэх, Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2018 онд төллөх төл малд 5-7 дугаар сард хийх вакциныг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг өргөн барьсан юм аа.



Энэ үеэр Шадар сайд, аймгийн Засаг дарга хооронд байгуулах үр дүнгийн гэрээг байгуулж баталсан юм. Мөн Сутай үүлдэрийн омгийн хонийг үүлдэр болгон  албан ёсоор батламжилсан батламжийг гардуулан өглөө.



Ийнхүү Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин аймаг орон нутгаас тавьж буй бусад санал хүсэлтүүдийг анхааралдаа авч яаралтай авах зарим арга хэмжээг газар дээр нь шийдэж ажилласан юм аа. 
Монгол улсын шадар сайд аймаг орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн 180 тонн өвс, 100 тонн тэжээлийг нэмж олгохоор шийдвэрлэлээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ