
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосон.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.03.25/ улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага зохион байгуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.

2026 оны эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа болсон. Үүнээс хамгийн хүчтэй нь 1 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг болсон магнитуд нь 4.2-той газар хөдлөлт юм.
ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас өгсөн мэдээллээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2025 онд нийтдээ 948 удаагийн газар хөдлөлт, уул уурхай 146 тэсэлгээ тус тус бүртгэгджээ. Үүнээс магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлтийн хувьд Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хөдлөл 2 удаа, Ховд аймгийн иргэдэд мэдрэгдсэн хөдлөл 2 удаа тус тус болж макро мэдээ цуглуулсан байна.
Мөн магнитуд нь 3.0-аас дээш хүчтэй газар хөдлөлт 7 удаа бүртгэгдсэнээс 2025 оны 10 сарын 27-ны өдөр орон нутгийн цагаар 06 цаг 15 минутад Ховд аймгийн Мөнххайрхан сумаас зүүн урд зүгт 30 км-ийн зайд магнитуд нь 3.0-тай газар хөдлөлт Мөнххайрхан сумын иргэдэд илүү мэдрэгджээ.

2026 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт 1 удаа бүртгэгдсэн.
Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.
