Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, үндэсний онцлог, хэв шинжийг хадгалсан, шинэ санаа, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, байгальд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилготой
“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа энэ оны хоёрдугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын өрөөнд 15 хүний бүрэлдэхүүнтэй хуралдав. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, гишүүдээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх болон бусад удирдах ажилтнууд ажиллаж байна. Хурлын үеэр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах газар болон зардал төсвийн тухай, зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний талаар тус тус хэлэлцсэн юм. Тухайлбал, “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдааг Ховд их сургууль дээр зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаанд 120 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид оролцохоор төлөвлөж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 17 сумын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид өргөнөөр оролцож, бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдаалах боломжтой. “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаанд оролцогчдийг хоёрдугаар сарын 08-ны өдөр бүртгэхээр болжээ.
Н.Лхагва