Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Мөнххайрхан сумын
“Малчдын зөвлөгөөн”-ийг 2018 оны 01-р сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Мөнххайрхан сумын хувьд сум орон нутгийн зүгээс малчдын талаар баримталж байгаа бодлого шийдвэр, төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг малчдад мэдээллэх, сум орон нутгийн мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, малчдын санал хүсэлтийг сонсох зорилгоор жилд хоёр удаа
“Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 2018 оны эхний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь энэ юм.
Малчдын зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга Я.Очир, сумын Засаг дарга Б.Батболд болон 200 гаруй малчид, иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймаг, сум орон нутгийн цаг үеийн ажлын талаар, өвөлжилтийн төлөв байдлын талаар аймаг, сумын Засаг дарга нар мэдээлэл хийж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсад болон малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээний тухай малчидтай санал солилцлоо. Түүнчлэн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төв, Ус цаг уурын өртөөний үйл ажиллагаа болон “Малчдад тусалъя” сайн санааны аяны талаар, малчдын нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр халамж үйлчилгээ чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд малчдад мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр аймаг орон нутгийн зүгээс мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж буй малчин иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Мөнххайрхан сумын зургаан малчныг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Х.Хартолгой, Сэнхэр багийн малчин Д.Ундрам нарыг “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр, Борт багийн малчин Н.Бүүвэйбаатар, Хаг багийн малчин Б.Давааням нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит “Ховдын төлөө” медалиар, Борт багийн малчин Т.Пүрэвдаваа, А.Буянтогтох нарыг “Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсаныг аймгийн Засаг дарга Д.Галсандондог гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Б.Шинэбаяр, Б.Басдорлиг нарын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.