Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аймгийн гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор Ховд аймагт “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
“Хүүхэд хамгаалагч” төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэгчээр Жаргалант сумын хүүхдийн элч М.Оюунсүрэн, ахмад багш Б.Бямбажав нар ажиллаж байна. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, ХХҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Цаашид хүүхдийн эрхийг хүндэтгэх тухай олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан, эрсдэлийг бууруулахад хариуцлагатайгаар хамтарч ажиллахаар болжээ.
Жаргалант сумын хүүхдийн элч М.Оюунсүрэн хэлэхдээ, Хүүхдээ хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсгөх, сурган хүмүүжүүлэх, боловсрол олгох нь хүн бүрийн үүрэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс төслөөр дамжуулан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, сургуулийн орчин болон гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, аливаа эрсдэлээс хамгаалах, нууц далд аргаар үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бид бүхэнтэй хамтран ажиллахыг иргэд, олон нийтэд уриалж байна гэлээ.
Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 2833, хүүхэд өртөж хохирсон 4922 гэмт хэрэг бүртгэгдсэний 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт үйлдсэн байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх зэрэг гэмт хэрэг үйлдэж байгаагийн дийлэнх хувийг 16-18 насныхан эзэлж байна гэсэн судалгаа бий. Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас ихээр хохирч байгаа юм.