
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар,
“БУЙЛГАН ШАР ТЭМЭЭН СОЁЛ, УРАЛДААНЫ ХОЛБОО” хамтран энэ сарын 01-02-ны өдрүүдэд
"ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй арга хэмжээнд 250 орчим хүн оролцож цаашдын зорилго чиглэлээ ярилцаж байна.

Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа оролцож зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэн үг хэллээ.

Тэрбээр:
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд Тэмээн сүргийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, тоо толгойг өсгөх, тэмээний үүлдэр угсааг сайжруулах, нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг урамшуулахад чиглэсэн “Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох” журмыг баталсан.
Тус журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд 75,0 сая төгрөгийн урамшууллыг тэмээ өсгөн үржүүлж буй иргэдэд олгосон.
2025 онд ботгоны урамшуулалд 75,0 сая төгрөг батлагдсан ба урамшууллыг нэгдүгээр улиралд багтаан олгох ажлыг зохион байгуулна.
Бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгож байгаа нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээчдийг урамшуулах чухал хөшүүрэг болж байна.
Мөн ингэний сүү нь эрүүл мэндийн ач тустай учраас хүн амын хүнсний хэрэглээнд түлхүү оруулах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай.
Ингэний сүүг боловсруулан тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Манай улсын тэмээн сүргийн 50 гаруй хувь нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад байдаг. 2024 оны жилийн эцэст улсын хэмжээнд нийт 473,9 мянган тэмээ тоолуулсан байна.
Тэгвэл манай аймаг 2024 оны жилийн эцэст 35,0 мянган тэмээ тоолуулсан нь өнгөрсөн жилээс 8,7 хувиар өссөн.
Дөргөн сум 8274 тэмээ,
Чандмань 4379 тэмээ,
Манхан 3764 тэмээ,
Зэрэг 2963 тэмээ тоолуулсан нь хамгийн олон тэмээтэй сумдад багтаж байна.
ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН" маргааш /2025.02.02/ хөтөлбөрийн дагуу маргааш тэмээний уралдаанаар үргэлжилнэ.




