Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Өнөөдөр /2025.01.15/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Мөнххайрхан суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
-Онцгой байдлын газар,
Цагдаагийн газар,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
-Улсын Бүртгэлийн хэлтэс,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
-Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтав.
Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Тус сумын хувьд өвөлжилт одоогоор хэвийн байна.
Өндөр уулсын бүсэд оршдог онцлогоос хамаарч хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс малчин айл өрх бүр мөн сумын хэмжээнд хүндрэлийг давах бэлтгэл хангасан гэлээ.
Нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй. Үүнээс шалтгаалан зам даваа хаагдаж иргэд нүүрсээ татан авахад хүндрэл учирч байна. Мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор Хөшөөтийн уурхайгаас үлдэгдэл 200 тн нүүрсээ татан авахаар зохион байгуулалтад орж байгаа. Гарах зардлыг шийдвэрлэхэд аймаг, аймгийн Онцгой комиссоос анхаарч дэмжлэг үзүүлэх саналыг сумын Засаг дарга Б.Батзаяа уламжилж байв.
Ажлын хэсэг:
-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
-Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.
Энэ хүрээнд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож хариулт өглөө.
Мөнххайрхан сумын иргэд:
-Баялаг бүтээгчдийг дэмжих,
-Нийгмийн эрүүл мэнд тэр дундаа бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар хөтөлбөртөө тусгасныг сайшаан дэмжиж байлаа.
Мөн зам, гүүрийг сайжруулж засварлах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд хүргэж малчдыг орлоготой болгох зэрэг бодлогын асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж байв.