Мөнххайрхан сум мал аж ахуйн дөрвөн баг, 350 орчим малчин өрхтэй. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 90000 гаруй толгой мал тоолуулжээ.
Сумын Засаг дарга Б.Батзаяагийн өгсөн мэдээллээр:
Одоогоор Сэнхэр, Борт багт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч эхэлж байгаа. Бусад багийн нутагт харьцангуй хэвийн. Өндөр уулын бүсэд багтдаг учир хаваржилт хүндэрдэг. Энэ үед сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг шаардлагатай, зорилтот малчдад олгохоор тооцоолж байна.
Цас зуд, цаг агаарын хүндрэл, эрсдэлийг тооцож малчид өөрсдийн хэрэгцээний өвс тэжээлээ бэлтгэж базаасан байна.
Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Мөнххайрхан суманд ажиллах үеэрээ сумын аюулгүйн нөөцөөр орж өвс тэжээлийн хадгалалттай танилцав.